“Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа
Мэдээ & Үйл Явдал
БИЗНЕС ИНКУБАЦИЙН ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын Бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөр”-ийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр боллоо.
Тус хөтөлбөр нь бичил, жижиг бизнес эрхлэгчид болон зорилтот бүлгийн иргэдэд бизнес эрхлэх ур чадвар олгох сургалт, мэргэжлийн зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, түншлэл, зах зээл болон борлуулалтын дэмжлэгийг цогцоор нь хүргэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтворжуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр иргэдийн санаачилга, орлогыг нэмэгдүүлэхэд бизнес инкубацийн гүйцэтгэх үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилт, энтрепренершип ба бичил, жижиг бизнесийн хөгжил, инновацын экосистемийн боломж, орон нутгийн бизнесийн хөгжил зэрэг сэдвээр төр, хувийн хэвшил, бизнес инкубаторын төлөөллүүд мэдээлэл, туршлага солилцлоо.
Мөн арга хэмжээний үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Монголын Бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо хамтын ажиллагааг өргөжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурж, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар болсон нь бизнес инкубацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам боллоо.
Арга хэмжээнд Орхон аймгийн “Маргадтамир” ХХК-ийн Бизнес инкубатор төвөөс захирал, менежер, зөвлөх болон бойжигчдын төлөөлөл бүхий нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.
Түүнчлэн тус төвийн бойжигчид өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо. Үзэсгэлэнд толгой, шийр, сүүж тос, суран эдлэл, эрүүлжүүлэх улавч, эрүүл шим царцаамаг, оёмол бүтээгдэхүүн, бейкери, үндэсний дээл малгай, ургийн бичиг, арьсан эдлэл зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж, олон нийтэд сурталчлан, борлуулалт хийж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаанд тулгуурласан энэхүү хөтөлбөр нь бизнес эрхлэгчдийн санаачлагыг дэмжих, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг өсгөхөд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой бөгөөд манай төв бойжигчдоо бизнесийн сургалт, зөвлөх үйлчилгээ, менторинг, зах зээлийн холболтоор дэмжин ажиллаж байна.
ОРХОН АЙМГИЙН “МАРГАДТАМИР” ХХК
БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВ