Новотел, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 20. МУИС-ын доктор Ц.Минжинтэй Монгол бахархалын өдрийн талаар ярилцлаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.
Ц.Минжин доктор эрхзүйч, түүхч мэргэжилтэй. Их засаг хуулийг оюутан байхаасаа сонирхож, хууль зүй болон түүхийн шинжлэх ухааны өнцгөөс судалсан ажээ. Дашрамд дурдахад Ц.Минжингийн “Их засаг” судалгааны нэгэн сэдэвт бүтээл 2009 онд Шинжлэх ухааны шилдэг бүтээл, мөн 2013 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагналыг хүртэж байсан юм.Ц.Минжин доктор ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Эзэнт гүрний түүхийн салбарт арваад жил судалгаа хийсэн. Дотоод хэргийн их сургуульд ч багшилсан. Өдгөө тэрбээрҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнд ажиллаж байна.
-Монгол бахархлын өдөр та юуг онцолж хэлэх вэ. Хүүхэд залуус маань юуг мэдэж авбал зохилтойбол?
-ШУА-ийн Түүхийн хүрээлэн Эзэнт гүрний түүхийн салбарт хамт ажиллаж байсан Ц.Энхчимэг доктор, А.Пунсаг доктор С.Цолмон, Ц.Цэрэндорж доктор бидний дунд нэгэн яриа болсон нь “Монгол бахархлын өдөр”-төй болох тухай байсан юм. Бид Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр бол Монгол бахархлын өдөр байх хэрэгтэй гэж үзсэн. Харамсалтай нь Чингис хааны мэндэлсэн өдрийн тухайд судлаачид санал нэгдээгүй байна. Зарим нь өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэж байхад, хавар эсвэл намар мэндэлсэн гэж үздэг судлаачид ч бий. Чингис хааны төрсөн өдөр гэхээс илүүтэй “Монгол бахархлын өдөр”-тэй болсон нь эх түүх, эзэн Чингис хаанаараа бахархаж, үндэсний ухамсар сэргэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Америкчууд ч бахархлын өдөртэй. Ц.Энхчимэг доктор санаачлаад төрийн удирдлагуудад албан бичгээр хүсэлт тавьсан нь ёсоор болсонд бид их баярладаг.
Энэ цаг үеийн агуу түүхийг бүтээсэн ард түмний оюуны өвийг номоос уншиж болно.
“Монголын нууц товчоо”-гоо уншихад л тухайн цаг үеийн оюун санааны их өвийг хүртэж чадна. Энэ их оюуны өв санг уншиж судалж өөртөө шингээж авах нь өнөөгийн өрсөлдөөнт цаг үед амжилттай алхах нэг түлхүүр шүү.
-Чингис хаан цөөн хүн амтай улсаас гаралтай мөртлөө дэлхийн талыг яаж байлдан дагуулсан бэ гэж одоо ч дэлхийн хүмүүс сонирхож байгаа. Чингис хааны үр сад хэрхэн амьдарч байгаа вэ. Энэ асуулт хэзээ нэг өдөр манай хүүхдүүдэд тавигдана?
–Бид саяхан "Physical Asia" шоунаас ч харлаа шүү дээ. Цөөхөн монголчуудаас зургаан залуу гараад л монголчууд ямар их тэсвэр тэвчээртэй, хурдан сэтгэж тактик боловсруулж, тал талаас цугласан мөртлөө нэгдэж цул байж чаддагаа харуулсан. Б.Орхонбаяр арслан ч өөрөө хэлсэн. Малтай ноцолдож нүүдэлчин ахуйтайгаа ойр байсан учраас тактик хурдан боловсруулдаг, “хар” ухаан, эв дүй чухал байсан гэж. Биеийн хүчээс гадна оюуны хүч чухал гэдгийг тэд харуулсан шүү дээ. Түүхэн цаг үед монголчуудын дундаас мэндэлсэн суут хүүгийн удирдлага дор Их Монголын эзэнт гүрэн ЕвроАзийн газар нутагт монгол засаглалыг тогтооно гэдэг саяны залуус шоунд амжилттай оролцож байгаатай адил оюуны ухамсрын их хүч байсныг илтгэнэ. “Биеийн хүчээр нэгийг ялна. Билгийн хүчээр түмнийг ялна” гэдгийг манайхан харуулж чадлаа. Чингис хааны үед ч бидний өвөг дээдэс амьдарч байсан болоод л бид өнөөдөр байгаа. Өвөг дээдсийн маань ген мэдээлэл бидний мах, цус, ясанд шингээстэйг ухамсарлаж ойлгох нь магадгүй бид ирээдүйгээ залж явахад чухал нөлөөтэй болов уу.
-Монголчууд биднийг зэрлэг бүдүүлэг улс, хууль цаазгүй байсан гэх илтэд дордүзсэн яриа явдаг. Гэтэл Чингис хааны үед Их засаг хуультай байжээ. Тэр нь түүнийг залгамжлагчдын үед ч мөрдөгдсөн байна. Түүний ач хүү Хубилай хаан ч Их засаг хуулийг дагаж мөрдөнө гэдгээ тунхаглаж байсныг таны илтгэлээс сонслоо. Их Засаг хуулиар юуг зохицуулдаг байсан юм бэ?
-Гадны зарим эрдэмтэн Монголд төр байгаагүй. Төр байгаагүй юм чинь хууль байгаагүй гэж бичсэн байдаг. Монгол Улс төр, хуультай байсан тухай бусад маш олон сурвалжуудад байдаг. Чингис хааны хэлсэн үг бий. “Миний дээр төр, төрийн дээр тэнгэр” гэж. “Хэрхэхийг тэнгэр мэднэ” гэдэг. Энэ зарлиг эрэмбээ тогтоож буйг илтгэдэг. Их засагт хаанаас эхлээд харц бүгд захирагддаг. Гэтэл суурин улсын хууль тухайн үед гарч байсан Магна Харта гэхэд л зөвхөн ноёдын эрх ашиг, боолчлолын тухай байхад Их засагт хаанаасаа харц хүртэл ялгалгүй ижил хэм хэмжээ үйлчилж байсан онцлогтой. Тийм ч учраас Өгөөдэй хааны хүү буюу Чингис хааны ач нарыг Их хуралдайд ирээгүйн төлөө засгаар засаглаж байв. Энэ бүхэн Их засаг өндөр хүчин чадалтай байсныг илтгэж байгаа юм.
Хубилай хаан “Булга, Хожа, Түмэн, Аличар, Тогуз тэргүүтэн миний төрийг түйвээсний учир Чингис хааны тогтоосон их засгаар засаглав” хэмээн зарлиг буулгаж байсан. Энэ мэт Хубилай хаан Монгол төрийн эзэн эрхийг гартаа атгасан цагаас эхлэн Чингис хааны Их засаг хуулийг баримтлан төрийн хэргийг явуулахаас гадна өөрөө шинээр засаг хууль тогтоож байжээ. Юань улсын бүс нутагт Монголын төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Чингисийн “Их засаг”–ийг уламжлан хэрэгжүүлэхийн хамт Юань улсад олон хууль цаазыг шинээр батлан мөрдүүлжээ. Их Монгол Улсын төрийн эрх Юань улсад шилжин ирэхийн зэрэгцээ Монгол төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд “Их засаг” нь хууль эрх зүйн хувьд дээд хүчин чадалтай болох тухай сурвалжид тэмдэглэсэн байна.
-Засгаар засаглав гэдэг нь шийтгэсэн гэсэн үг үү?
-“Их Засаг”-ийн дагуу цаазлав гэсэн үг. Их засаг гэдэг өнөөгийн ойлгодог шиг дан ганц хууль бус зарлиг, зарга, ёсны нэгдэл юм. Зарлиг гэдэг нь өнөөгийн хууль буюу хуульчилсан акт. Хааны зарлиг хууль байж, хууль гэдэг маань бүх газар нутагт бүх хүн дагахыг хэлж байгаа юм. “Хишигтний тоог асууж болохгүй” гэдэг нь хууль байж. Хуульчилсан акт гэдэг нь тухайн бүс нутагт тодорхой тооны хүмүүст зориулсан хэм хэмжээ. Наймантай хийсэн байлдаанд “Нэг цэрэг таван гал түл” гэсэн нь өнөөгийнхөөр бол хуульчилсан акт байх нь. Зарга гэдэг нь хэрэг шийдсэн тухай шүүхийн президент, өөрөөр хэлбэл үлгэр загвар болгож байгаа юм. Ёс гэдэг нь өнөөгийн хэв хууль. Энэ гурван зүйлээс Их Засаг бүрддэг.
-Их засаг хуульд шударга ёсны асуудал яаж туссан бэ. Хүний эрхийн асуудал ямар нэг байдлаар туссан уу. Лав л морь малтай холбоотой асуудлыг хатуу шийддэг байсан юм билээ. “Нэг морь хулгайлвал есөн мориор төлөх хуультай байв. Хэрэв төлөх морь байхгүй бол хүүгээ өгнө. Хүү байхгүй бол өөрийг нь хонь лугаа адил алсугай” хэмээн Ибн Батуда-гийн тэмдэглэж үлдээсэн “Яса” буюу Их засаг” хуульд бий гэж “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номдоо Жак Уэтерфорд бичсэн байна лээ.
-“Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” гэж Чингис хааны үг байдаг. Ахуй төр гэдэг нь нүүдэлчин ахуй, таван хошуу малаа малласан малчин ахуй гэж ойлгож байна. Эрт цагаас л “Морины толгой руу ташуурдаж болохгүй” гэсэн хэм хэмжээ үйлчилж л байна. Өнөөдөр ч мориныхоо толгой руу цохиж нүддэг хүн бол адгийнд тооцогдоно. Энэ нь ёс буюу хэв хуулийн хэм хэмжээ өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн ахуй төрийн уламжлал юм.
Хүний эрхийн асуудал гээд байна. Сүн улсын элч “Монгол эмэгтэйчүүд гайхалтай эрх мэдэлтэй. Тэд эзэн ноёнтойгоо зэрэгцэж сууж чаддаг. Их хуралдай дээр үг хэлж чаддаг” гэж өгүүлсэн байдаг. Монгол эмэгтэйчүүдийн эрх мэдэл бусад улсынхаас хувь илүү, толгой өндөр байсан гэдгийг илтгэж байгаа юм.
-“Их засаг”-т өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн заалт байдаг уу?
-“Босгон дээр гишгэж болохгүй” гэдэг нь өнөөдөр ч хүмүүсийн ахуй амьдралд хадгалагдаж ирсэн. Босго өндөртэй байгууллага ч гэж ярьдаг. Хэр баргийн хүн нэвтэрч орж чадахгүй өндөр хэм хэмжээ тогтоосон соёлыг бий болгосон байгууллага гэсэн үг. Рубрикийг дагаж явсан хоёр хүн босгон дээр гишгэсэн учир хааны өргөөнд оруулахгүй Рубрик ганцаараа зочилж байсан тухай эх сурвалжид тэмдэглэж үлдээсэн байдаг.
-“Их засаг”-аас уламжилсан хэм хэмжээ Юань улсын үед ч хэрэгжсэнгэдэг.Дагаар орсон улсууд зургаан үүрэг хүлээдэг байсан талаартаны илтгэлддурдагдсан?
-Бидэнд үлдсэн үнэтэй сурвалж болох “Монголын нууц товчоо”-нд Чингис хаанд Харлаг, Уйгар, Ойрад, Хиргис, Тангад, Алтан гэх мэт улсууд дагаар орсон тухай тэмдэглэж үлдээсэн байна.
“Харлугуудын Арслан хан Хубилайд элсэн иржүхүй. Хубилай ноён Арслан ханыг аваад ирж, Чингис хаанд уулзуулав. Эс булхав хэмээн Чингис хаан Арсланг соёрхож “Охин өгье” хэмээн зарлиг болов” гэх жишээтэй байна.
–Данж барих буюу барьцааны хүн нэхдэг нь содон сонсогдлоо?
-Данж барь гэдэг нь барьцааны хүн буюу хаан хүүгээ өг гэсэн үг. Түүнээс гадна хүн амынхаа тоог гаргаж өг, цэрэг, хүнс амуу тариа нийлүүл, даргачи тавь гэдэг байжээ.
-Даргачи гэдэг нь одоогийн дарга гэдэг үгтэй ойролцоо сонсогдож байна?
– Даргачи гэдэг тухайн бус нутаг хотын эзэн гэсэн үг. Юань улсын “Нэвтэрхий хууль”-нд “Чингис хааны “Их засаг”–аас уламжлал болгон авч тухайн нөхцөлд тохируулан хэрэглэсэн заалтууд олон байдаг. Жишээ нь 1264 онд анхны хуульдаа Чингис хаан “даргач”-ийн дүрмийг боловсронгуй болгон орон нутгийн муж бүрийг даргачтай болгосон. Тэр нь тухайн орон нутагт эрх барих хамгийн дээд ноён зөвхөн монгол хүн байх ёстой гэж заажээ. “Даргачи” хэмээх Монголын Эзэнт гүрний захиргааг төлөөлсөн, татвар тогтоох, хураах тусгай биеэ даасан албаттай байгууллага эзэнт гүрний хэмжээнд ажиллаж нэг талаас төрийн төсвийг бүрдүүлж, нөгөө талаас ард иргэдийн амьжиргааны түвшингээс шалтгаалан харилцан адилгүй үйлчилж, хөнгөлөлт, чөлөөлөлт гэх мэт татварын уян хатан бодлого барьж байжээ.
Хэдийгээр Хубилай хаан шинэ газар оронд Монгол Улсын төвийг шилжүүлэн захиран суусан ч өвөг дээдсийн цааз хуулийг төрийн бодлогодоо баримтлан байсны нэг жишээ ийм. Чингис хааны “Их засаг”-аас уламжлагдан дагаар орсон улсад үүрэг болгосон хэм хэмжээ ямартай ч Юань улсын түүхэн цаг үеийн туршид хэрэгжиж байжээ.
-Дагаар орсон улсын хан хөвгүүнийг барьцаа болгож Юань гүрний эзэн хааны ордонд байлгаж байсан тухай солонгос кинонд ч гардаг шүү дээ. Барьцаалсан гэдэг ч ирээдүйн хаадыг сургахдавхар санаатай байсан юм шиг санагдлаа?
-Солонгосын хан хөвгүүдийг барьцаа болгоод барьж хориод зовоогоод байсан гэсэн үг биш л дээ. Харин угсаа залгамжлах хүмүүсийг монгол бодлого хэв ёсыг суралцахад нь дэмжлэг үзүүлж, ахуй соёлоо таниулж байсан. Ийм данж болж ирсэн Солонгосын нэгэн ван Хубилай хааны гүнжид дурласан тухай сурвалжийн мэдээ хүртэл байдаг шүү дээ.
Жү Юаний тавдугаар онд Хубилай хаанаас Солонгосын ванд илгээсэн захидалдаа“Тайзу хааны тогтоосон хууль аливаа орж өгсөн улс таныг албан хүргэж ир, цэрэг дор нэм, аму хүргэ, өртөөний яам босго, иргэний тоог данслан үйлд, түшмэл болтугай хэмээжүхүй” хэмээнтэмдэглэсэн байдаг.
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-ООС ӨНӨӨГИЙН ЗАЛУУС СЭТГЭЛГЭЭ, ОЮУНЫ ӨВИЙГ ОЛЖ МЭДЭЖ ЧАДАХ ЮМ
-Цөөн хүнтэй байж яаж дэлхийн талыг эзэлсэн гэхээр дагаар орсон улсуудаас цэрэг хүн хүч татаж байсантай холбоотой байх нь?
-Мэдээж дагаар орсон улсуудаас цэрэг татаж байсан. Харин жирийн иргэдийн ахуйг монголчууд огт хөнддөггүй учраас монголчуудын захиргааг хүлээн тэд зөвшөөрч байж. Таны хэдэн үеэрээ эрхэлж ирсэн малыг чинь хурааж аваад тариа тарь гэвэл хэцүү шүү дээ. Таны үнэт зүйл итгэл үнэмшил болсон шашныг хоригловол итэл үнэмшлээ алдана. Чингис хаан та нар сүм дуган байгуулвал байгуул, сургууль байгуул, аж ахуйгаа эрхэл, монголчууд сүм хийд санваартанаас татвар авахгүй. Харин та нар монгол төрийн төлөө өдөрт нэг удаа залбир л гэсэн.
-Их засаг хуулийг тухайн үеийн бусад хуультай харьцуулж судалсан болов уу. Орчин үеийн жишгээр бол Үндсэн хууль биш л гээд байдаг?
-Үндсэн хууль бол хэзээ хойно бий болсон “Их засаг”-ийг өнөөгийн хууль гэдэг хайрцагт хийж болохгүй. Харин хууль зүйн шинжлэх ухааны үүдээс “Их засаг”-т үндсэн хуулийн шинжтэй хэм хэмжээ байсан уу, Эрүү, иргэн, захиргааны шинжтэй хэм хэмжээ байсан уу гэж асуувал бүгд л байгаа. Бидэнд хууль хэлбэрээр уламжлагдан ирээгүй учраас л түүхэн сурвалж дээрээс хэм хэмжээ тогтоосон үг, өгүүлбэрийг задлан судалж, энэ өгүүлбэрт хуулийн хэм хэмжээ тогтоосон агуулга байна гэдэг утгаар л тайлбарлаж байна. Бидэнд хууль хэлбэрээр Солонгос улсаас олдсон Тогоонтөмөр хааны хуулийг л орчуулж, тайлбар бичих монгол эрдэмтэн ч, солонгос эрдэмтэн ч одоогоор гараагүй байна шүү дээ.
Юань улсын хаадаас ямар ч байсан Хубилай хаан Монгол төрийн эзэн эрхийг гартаа атгасан цагаас эхлэн Чингис хааны Их засаг хуулийг баримтлан төрийн хэргийг явуулахаас гадна өөрөө шинээр засаг хууль тогтоож байсан тухай зарлиг сурвалжид тэмдэглэн үлдсэн байна.
Эзэнт гүрний хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай нь Их засаг хууль. Түүний дараа Юань улсын хууль, шашны хууль, орон нутгийн хууль ордог байж. 1206 онд Их Монгол Улс байгуулагдсанаар Их засаг тунхаглажээ гэж үзвэл 1215 онд Англид Магна Харта гарсан. Бичмэл хуулийн хувьд Магна Хартаас өмнө гарсан гэсэн үг. Энэ цаг үеийг судалдаг монголч эрдэмтэд “Их Засаг”-ийг дурдахгүйгээр эзэн Чингис хааны түүхийг бичнэ гэж үгүй.
Өөрөөр хэлбэл Евразийн газар нутгийн 4̸3 хувьд нь хууль зүйн дээд хүчин чадалтай үйлчилсэн өөр хууль байхгүй. “Их засаг” Дундад Ази, Орос, Хятад, зүүн Европ гээл өнөөгийн 40 гаруй улсад ямар нэг байдлаар үйлчилсэн. Хамгийн өргөн уудам газар нутагт хамгийн урт хугацаагаар үйлчилсэн бичмэл хууль юм.
“Монголын нууц товчоон” дээрээс бид хууль эрх зүйн олон баримт гаргаж ирж болно. Эндээс бид хууль эрх зүйн хэм хэмжээг шүүн түүж болох юм байна. Энэ нь Юаны хуульд тусгалаа олжээ гэдгийг түүхэн сурвалжаар баталсан юм.
-“Чингис хааныг бие барсны дараа ойр дотнын хэн нэг нь амьдралынх нь талаар бичиж нууцлан хадгалсан гэх батлагдаж нотлогдоогүй яриа олон зууны турш яригдсан” гэж Жак Уэтерфорд бас бичсэн байсан.
Персийн түүхч Рашид-ад-Дин тэрхүү баримт бичгийг монгол үсэг, үг хэллэгээр бичигдсэн, жинхэнэ цадиг товчоо гэж тодорхойлсон юм билээ. Харин “Монголын нууц товчоон”-г олдсоны дараа олон орны эрдэмтэд орчин цагийн хэлэнд буулгаж эхэлсэн. Магадгүй тэд дэлхийн талыг эзэлсэн ноу хауг хайсан байх л даа. Харин одоогийн монголчууд бас бидний хүүхдүүд “Монголын нууц товчоон”-г ингэж үнэлэх болов уу?
-“Монголын нууц товчоон”-г олон улс оронд орчууллаа.Хамгийн сүүлд нэрт монголч эрдэмтэн К.Этвуд англи хэлээр орчуулж, дэлхийн уншигчдын хүртээл болголоо. Орон орны гайхалтай эрдэмтэд “Монголын нууц товчоон”-г судалсан. Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол эрдэмтэдийн баг ч өнгөрсөн жил “Монголын нууц товчоон”-г орчуулж өргөн барьсан. Монголчуудын язгуураас гарч байгаа ухаан, ой санамж гэдэг чухал. Хэчнээн мундаг гадаадын судлаач байлаа ч тайлж ойлгоход хэцүү зүйлс энэ номд бий. Тиймээс “Монголын нууц товчоон”-ы нууцыг монголчууд өөрсдөө л тайлна.
Б.Янжмаа
Хүн нүдээрээ харж, гараараа барьж байж тогтоодог учраас эзэн Чингис хааныхаа музейг ороод үз. Тэгвэл эзэнт гүрний үеийн монголчуудын ур ухаан, эдлэл хэрэглэл, археологийн олдворуудыг нүдээр харж, тайлбарыг нь чихээрээ сонсож болно.

Их засаг хууль шиг 250 жил хууль зүйн дээд хүчинтэй үйлчилсэн гэж үзвэл дэлхийн эрх зүйн түүхэнд өөр ийм хууль байхгүй л гэж хэлнэ.
“Монголын нууц товчоон”-оос өнөөгийн залуус сэтгэлгээ, оюуны өвийг олж мэдэж чадах юм. Энэ сурвалж бидний гар дээр байна гэдэг алт эрдэнэсээс үнэтэй.